Цахилгаан эрчим хүчний зөв зохистой хэрэглээ
Өнгөрсөн гучин жилийн дотор дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээ 2 дахин нэмэгдсэн бөгөөд 2050 он гэхэд гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна.
Өдөр тутмын хэрэглээнд цахилгаан эрчим хүч салшгүй хэрэглээ болжээ. Харин хүмүүс бид эрчим хүчээ зөв ашиглаж, үр ашигтайгаар хэрэглэж сурах нь зайлшгүй шаардлага болоод байна. Энэ удаа бид ахуйн цахилгаан хэрэгслийг ашиглахад эрчим хүчийг бага ч болов хэмнэж болох хялбар аргуудаас хүргэе.
- Шинээр цахилгаан хэрэгсэл худалдан авахдаа цахилгаан зарцуулалтын үзүүлэлтийг хараарай. Жишээ нь: А++ угаалгын машин ижил загварын А ангилалын машинаас даруй 20% бага цахилгаан зарцуулдаг.
- Угаалгын машинд хэт дүүрэн, эсвэл бага хувцас хийх нь эрчим хүчийг илүү ихээр зарцуулдаг. Тиймээс угаалгын машины заалтандаа тохируулж хувцасаа угаагаарай.
- Хөргөгч бохирдсон үедээ доторх бүтээгдэхүүнээ хөргөхийн тулд илүү их цахилгааныг зарцуулдаг. Тиймээс хөргөгчийг цэвэр байлгах нь тогоо хэмнэх нэг боломж юм. Хөргөгчөө халаагч, зуух, тень гэх мэт халалт үүсгэдэг зүйлээс хол байрлуулах хэрэгтэй. Ойр байлгах нь цахилгаан зарцуулалтыг нэмэгдүүлдэг.
- Цахилгаан зуухны муудсан ширмийг цаг алдалгүй сольж байвал тогоо хэмнэх бас нэг боломж юм. Хоол унд хийх савны ёроол нь тэгшхэн, мөн ёроолын гадаргуу нь цахилгаан зуухны ширэмтэй ижил хэмжээтэй, бохирдолгүй цэвэрхэн байх нь хурдан халж цахилгааныг 70% хүртэл хэмнэдэг. Хоол хийхдээ саваа таглаж байвал дулаан алдалтыг 3 дахин багасгана. Хоолыг бүрэн болохоос нь хэдхээн минутын өмнө цахилгаан зуухаа унтрааж байх нь ч бас л хэмнэлт юм.
- Богино долгионы зуухыг ашиглах нь уламжлалт цахилгаан зуухаас 60% бага цахилгаан зарцуулдаг.
- Ус буцалгагчинд усыг буцалгах нь цахилгаан зуухан дээр буцалгаснаас түргэн бөгөөд эрчим хүчийг хэмнэдэг. Ус буцалгагчийг ашиглахдаа савыг нь дүүртэл биш өөрийн уух хэмжээгээр буцалгаж хэвших хэрэгтэй.
- Тоос сорогчны хогны уутыг байнга цэвэрлэж заншвал соролт нь сайн байхаас гадна цахилгааныг 40 хүртэл хувь хэмнэдэг.
- Энгийн гэрлийн шилнээс татгалзаж тог бага хэрэглэдэг гэрэлтүүлэг сайтай лампыг хэрэглэх нь бидний хэрэглэж заншсан улайсдаг чийдэнгээс ашиглалтын хугацаа нь 8 дахин уртаас гадна тогийг 60 хувиар бага зарцуулдаг.
- Гар утасны цэнэглэгчээ ашиглахгүй залгаатай нэг цаг байлгахад 0.005 төгрөг, өдөрт 1.2 төгрөг, сард 36.5 төгрөг, жилд 438 төгрөгийн эрчим хүчийг зарцуулдаг.
- Унтраасан боловч залгаатай орхисон цахилгаан хэрэгслүүд өрхийн цахилгааны төлбөрийн 7-25 хувийг эзэлдэг.
Эцэст нь хэлэхэд та бүхэн эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл худалдаж аваарай. Хөргөгч, хөлдөөгч, аяга таваг угаагч, угаагч, хатаагч нь гэрт хамгийн их эрчим хүч хэрэглэдэг цахилгаан хэрэгсэл юм. Хамгийн сайн эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгслийг олохын тулд ENERGY STAR® тэмдгийг хайж олох хэрэгтэй.
Хүн бүр бага гэлтгүй тодорхой хэмжээгээр эрчим хүчээ хэмнэснээр ирээдүй хойчдоо, эх дэлхийдээ тусалж байгаа бидний хувь нэмэр юм.