Эрчим хүчийг хэрхэн үйлдвэрлэдэг вэ?
Та цахилгаангүйгээр амьдарч байна гээд төсөөлөөд үздээ? Дундад зууны харанхуй үе шууд санаанд чинь бууж байгаа биз ...
Орчин үеийн амьдралыг тэтгэгч гээд хэлчхэд буруудахгүй цахилгаан эрчим хүч, дулааны эрчим хүчийг хэрхэн үйлдвэрлэдэг талаар энэхүү нийтлэлийг уншсанаар та мэдэж авах болно.
Дэлхий дээр хэд хэдэн төрлийн арга ашиглан цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг. Жишээ нь: Атомын, Усан, Салхин, Нарны энерги болон түлшээр ажиллах станцууд байдаг. Гэхдээ манай орны нөхцөлд хамгийн тохиромжтой нь нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станц юм. Монгол Улсын хэмжээнд хэд хэдэн дулааны цахилгаан станц ажилладаг бөгөөд үүнээс хамгийн өндөр хүчин чадалтай нь “Дулааны IV-р цахилгаан станц” юм. Нийт 1400 гаруй инженер техникийн ажилтан өдөр шөнөгүй ялгалгүй тасралтгүй ажиллан дараах аварга үйлдвэрийг ажиллуулдаг.
Дулааны цахилгаан станцын үйл ажиллагаа нь бие биенээсээ хамааралтай шат дараалсан үе шатуудаас бүрдэнэ. Олон тоног төхөөрөмжийн нарийн уялдаатай үйл ажиллагааны үр дүнд дулааны цахилгаан станц найдвартай, тасралтгүй ажилладаг.
Дулааны IV-р цахилгаан станц нь эрчим хүч үйлдвэрлэхдээ нүүрс, ус болон бусад дагалдах түүхий эд ашиглан цахилгаан, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэдэг. Эрчим хүч үйлдвэрлэх гол түүхий эд нь нүүрс. Багануурын нүүрсний уурхай, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайгаас төмөр замаар дамжуулан нүүрсийг цахилгаан станцад тээвэрлэн авчирна. Тээвэрлэгдэн ирсэн нүүрсийг вагонтой нь хөмрөн буулгадаг. Хөмрөх төхөөрөмж нь цагт 17-19 вагон хөмрөх хүчин чадалтай бөгөөд нэг вагон хөмрөхөд ойролцоогоор 3-н минутын хугацаа зарцуулдаг.
Нүүрсийг бүхэл хог чулуулгаас нь ялган цэвэрлэх ба босоо бултерм ашиглан нунтаглан жижиглэнэ. Илүүдэл нүүрсийг туузан дамжуулагчаар дамжуулан ил хадгалах талбайд буулган хадгална. Энэхүү талбай нь 240 мянган тонн нүүрс нөөцлөх боломжтой том байгууламж юм.
Дулааны цахилгаан станцын дараагийн чухал түүхий эд бол ус. Хэрэглээний усыг станцаас 20 гаруй километр зайд орших “Сонгино”-ы усан хангамжийн дэд станцаас татан авчирна. Станцын хэрэглээг хангахын тулд гүний 12 худаг, 4 насос ажилладаг байна. Ирсэн усанд 3 осмосын төхөөрөмж ашиглан боловсруулалт хийдэг. Нэг үгээр элдэв эрдэс бодис, давснаас нь салгах зориулалттай. Боловсруулсан ус нэрмэл устай адилхан болдог.
Нүүрс, уснаас гадна нефть боловсруулах явцад хамгийн эхэнд ялгардаг мазут хэмээх бодис зуухыг анх асаахад гал өдөөх зорилгоор бага хэмжээгээр хэрэглэгддэг. Ийнхүү нунтаг нүүрс болон цэвэршүүлсэн ус бэлэн болж эрчим хүч үйлдвэрлэх түүхий эд бэлэн боллоо.
ХОЁРДУГААР ХЭСЭГ.
Энэ хэсэгт хэрхэн дулаан, цахилгааны эрчим хүч үйлдвэрлэдэг талаар энгийн, ойлгомжтой үгээр тайлбарлая.
Дулааны цахилгаан станцын зүрх нь зуух, машинаар бол хөдөлгүүр юм. Эндээс л энерги үүснэ. Зуух нь 60 метр өндөр бөгөөд нийт 12 давхар байшингийн хэмжээтэй том байгууламж юм. Босоо эсвэл хэвтээ булттермээр миллиметрийг хэд дахин хуваасантай тэнцэх хэмжээгээр нунтаглагдсан нүүрсийг зуух руу үлээлгэнэ. Зуухны 4-н буланд байрлах гурван давхарга бүхий хоолойгоор нунтаг нүүрс халуун агаарын хамт орж ирдэг.
Хоолой нь гурван давхаргатай хийгддэгийн учир нь эхний давхарга мазут буюу шатах шингэн, дараагийн давхарга нунтаг нүүрс, харин гадна талын давхарга халуун агаар оруулах зориулалттай байдаг. 4-н булангаас нүүрс агаарыг өгөхдөө хуйларсан урсгал бүрдүүлэхүйц чиглэлээр үлээлгэдэг. Нэг ёсондоо зуухан дотор асар том галан хуй үүсдэг. Энэ нь зуухны асалтыг жигд болгон, түлш хэмнэж ихээхэн дулаан ялгаруулах бололцоог олгодог. Галаас бага хэмжээний үнс ялгарах бөгөөд дамжлагаар дамжуулан үнсэн санд төвлөрүүлнэ. Харин утаа зуухны дунд хэсгээр дамжин гадагшилдаг.
Зуухны халуун 1200 градус орчим байх бол гарах утааны температур 1050 градус байна. Утааны энэ их халууныг ашиглан зууханд хэрэглэгдэх агаар болон усыг халаана. Утаа зайлуулах хэсэгт агаар халаагч болон ус халаах зориулалт бүхий экономайзер гэж нэрлэгдэх хэсгүүд байрлана. Халсан агаар нүүрстэй хамт шаталтыг дэмжих бол халуун усны зуухны дээр байрлах барабан хэмээн нэрлэх байгууламжид очдог. “Барабан”-ы үндсэн үүрэг нь ус болон уурыг ялгах, түүнд хуримтлагдсан ус зуухны гадна байрлах хоолойгоор дамжин зуухны доор байрлах коллекторт очно. Коллектороос гарахдаа зуухны дотор байрлах хоолойгоор дамжин буцаж барабанд очно. Энэ үедээ зуухны шатах хэсгээр дайрах бөгөөд ус өндөр хэмд халж “уур” болон хувирдаг.
Уур, ус барабанд хуримтлагдан ялгарч ус нь буцан уруудах бол уур нь цаашаа дараагийн дамжлага руу явдаг. Барабанд ялгарсан уур 347 градус орчим халуун байх бөгөөд зуухны утааны хэсгээр дамжин, нэмэлт дулаан авч 560 градус болтлоо халуун нэмэгддэг. Үүнийг хэт халуун уур гэнэ. Мөн даралт нь 140 ата болон нэмэгддэг. Энэ нь асар өндөр даралт юм.
Жишээлбэл, гал унтраах усны даралт 5 ата байдаг. Тэгвэл энэ даралтаас 28 дахин өндөр даралт ууранд үүсдэг. Хэт халуун уур нь хуурай уур байх ёстой. Өөрөөр хэлбэл ямар ч чийггүй байх ёстой гэсэн үг. Та бидний мэддэг уур нүдэнд цагаан өнгөтэй харагддаг бол хуурай уур нүдэнд харагддаггүй. Хэт халуун уур нь хоолойгоор явсаар цахилгаан станцын дараагийн чухал эд анги болох турбинд очно.
Үүнээс цааш хэрхэн үргэлжлэх талаар дараагийн нийтлэлээс хүлээн авна уу.
Эх сурвалж :
- Монгол Улсын Эрчим Хүчний Яам
- ДЦС 4 https://tpp4.mn/
- Wikipedia https://www.wikipedia.org/
- Бусад