Манай улсад розетка залгуур дээр ямар систем байдаг вэ?
Цахилгаан хэрэгслийн залгуур, сэрээ /вилки/ олон янз байдаг нь заримдаа маш их төвөг учруулдгийг бид мэднэ. Манайд ихэнхдээ бөөрхий гэж ярьдаг цилиндр хэлбэрийн 2 шонтой дугуй залгуур байдаг. Гэтэл сүүлийн үед хавтгай хоёр, гурван шонтой гээд янз бүрээр орж ирээд тэр бүрт нь таарсан залгуур /розетка/ хэрэг болдог. Тэгвэл дэлхийн улс орнуудад өөр өөрийн стандарт гэж байдаг аж. Бас цахилгаан барааны хүчин чадал, хэрэглэх эрчим хүч, чадал хүчдэл, давтамжаас хамаараад өөр өөр хийх болжээ. Өөрөөр бас улс төр, эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалах үүднээс өөр өөр хийдэг байна. Анх манай улсад дандаа дугуй хэлбэрийн 2 шонтой залгуур хэрэглэдэг байсан нь Оросоос бүх бараагаа авдгаас тэдний стандартынхыг хэрэглэж байжээ. Зах зээл чөлөөтэй болсноор янз бүрийн улсад үйлдвэрлэсэн цахилгаан бараа импортлож түүнийг даган янз бүрийн сэрээтэй залгуурууд худалдах болсон. Тэдгээр улс нь бүтээгдэхүүнээ яг манайд экспортлох зорилгоор үйлдвэрлээгүй гэсэн үг. Ингээд дэлхий нийтэд төвөгтэй, хүндрэлтэй асуудлыг цэгцлэхийн тулд өргөн хэрэглэгддэг олон төрлийн залгуурыг латин A-H хүртлэх үсгээр тэмдэглэн ангилах болжээ.
Төрөл A
Энэ ангиллын залгуурыг Хойд болон Төв Америк, Японд ашигладаг. Энэ төрлийг Class II гэж бас нэрлэдэг. Залгуурын сэрээ нь зэрэгцээ 2 хавтгай шон байдаг. Японд сэрээ нь адил хэмжээтэй байдаг бол, Америкт нэг нь арай өргөн байдаг аж. Японд ашиглагдаг цахилгаан төхөөрөмжүүд Америкт ажиллах боломжтой ч Америкийнх Японд ажиллах боломжгүй.
Төрөл B
Хойд болон Төв Америк, Японд ашигладаг. Энэ төрлийг Class I гэж бас нэрлэдэг. АНУ-ын В төрлийн залгуурын олон улсын тэмдэглэгээ нь NEMA 5-15, Канадын В төрлийн залгуурын тэмдэглэгээ нь CS22.2, n°42 (CS-Канадын стандарт). Цахилгааны чадлын дээд хэмжээ 15А. В төрлийн залгуур Америк даяар өргөн тархсан хэрэглээ. Харин Японд бага хэрэглэдэг. Хуучны байрууд, орон сууцнууд ихэнхдээ А төрлийг хэрэглэдэг. Тиймээс В төрлийн нэг илүү сэрээг нь тасдаж хэрэглэдэг ажээ.
Төрөл C
Европын эх газрын бүх орнуудад, Их Британи, Ирланд, Кипр, Мальт зэрэг улсуудад хэрэглэдэг. Олон улсын тэмдэглэгээ нь CEE 7/16. Сэрээ хоорондын зай 19 мм, сэрээний диаметр 4,0-4,8 мм байдаг байна. Дээд чадал нь 3.5А. С төрөл нь Европдоо үеэ өнгөрөөсөн залгуур. Одоо E, F, J, K, L төрлүүдийг хэрэглэж байгаа аж. Гэхдээ С төрлийн сэрээ нь шинэ төрлийн бүх залгууранд таардгаараа давуу талтай.
Төрөл D
Энэтхэг, Балба, Намиб, Шри Ланкад зэрэг оронд ихэвчлэн хэрэглэдэг. Олон улсын тэмдэглэгээ нь BS 546 (BS-Бритиш стандарт) Өөрөөр хэлбэл Их Британийн зарим колони байсан орнуудад хэрэглэдэг. Энэ төрлийнх одоо хуучирч хоцрогдсон ба 1962 он хүртэл хэрэглэж байжээ. Хамгийн их чадал нь 5А. D төрлийн залгуурт /розетка/ D болон M төрлийн сэрээ /вилк/ хоёул таарна. Өнөөг хүртэл Их Британи Ирландын хуучин байруудад D төрлийн залгуурууд /розетка/ байдаг байна.
Төрөл E
Франц, Бельги, Польш Словак, Чех, Тунис, Марокко зэрэг орнуудад хэрэглэдэг. Олон улсын тэмдэглэгээ нь CEE 7/7. Чадлын дээд хэмжээ 16А. E төрлийн залгуур нь Герман болон Төв Европын орнуудад хэрэглэдгээс бага зэргийн ялгаатай CEE 7/4 тэмдэглээтэй буюу F төрлийнхийг ашигладаг. Е төрөл нь F төрлөөсөө сэрээ /вилки/ нь нүхтэй, залгуур /розетка/ нь шонтой байгаагаараа өөр.
Төрөл F
Герман, Австри, Нидерланд, Швед, Норвег, Финлянд, Португал, Испани, Дорнод Европын орнуудад ашиглагддаг. Олон улсын тэмлэглэгээ нь CEE 7/4. Энэ төрлийн залгуурыг өөрөө "Schuko" гэж нэрлэдэг. Цахилгааны чадлын дээд хэмжээ нь 16А. Энэ нь төрлийн залгуурт бүх хэлбэрийн С төрлийн сэрээ таардагаараа давуу талтай. Энэ F төрлийнхийг ЗХУ-д /ГОСТ 7396/ бас манайд ихээр ашигладаг. Ялгаа нь ОХУ-ынх сэрээний шонгийн диаметр 4мм байдаг бол Европынх 4.8 мм байдаг аж. Тиймээс ЗХУ-ын цахилгаан хэрэгслүүдийн сэрээ Европынход холхидог эсвэл эсрэгээр Европынх ЗХУ-ын залгуурт багтдаггүй байна.
Төрөл G
Их Британи, Ирланд, Кипр, Мальт, Малайз, Сингапур, Хонг Конг зэрэг Британийн колони байсан орнуудад хэрэглэдэг. Олон улсын тэмдэглэгээ нь BS 1363 (BS-Бритиш стандарт). Цахилгаан гүйдлийн дээд чадал нь 32А. Их Британд ирсэн Европын жуулчид хүчдэл хувиргагч хэрэглэх шаардлагатай болдог.
Төрөл H
Энэ төрлийнхийг зөвхөн Израильд хэрэглэдэг. Энэ залгуурын тэмдэглэгээ нь SI 32 /Израил стандарт/. С төрлийн сэрээнүүд Н төрлийн залгуурт таардаг байна.
Төрөл I
Энэ төрлийн залгуурыг Австрали, Хятад, Шинэ Зеланд, Папуа-Шинэ Гвиней, Аргентин гэх мэт улсуудад хэрэглэдэг. Олон улсын тэмдэглэгээ нь AS 3112. Цахилгаан гүйдлийн дээд чадал нь 10А. Энэ төрлийн залгуур болоод сэрээ нь H төрлийн залгуур сэрээтэй адилхан юм шиг харагдаж байгаа боловч хоорондоо таарахгүй. Галтай хоёр шонгийн өнцөг өөр. Тиймээс сайн анхаарч хараарай.
Төрөл J
Швейцарь, Лехтенштейн, Эпиоп, Мадагскар, Сальвадор, Руанда зэрэг улсуудад хэрэглэдэг. Олон улсын тэмлэглэгээ нь SEC 1011. Цахилгаан гүйдлийн дээд чадал нь 10А. J төрлийн залгуур сэрээ нь С төрлийн залгуур сэрээнээс нэг контакт илүү. С төрлийн сэрээ J төрлийн залгуурт таарах боломжтой.
Төрөл K
Зөвхөн Дани, Гренландад хэрэглэдэг. Олон улсын тэмлэглэгээ нь 107-2-D1. Данийн залгуурт CEE 7/4 ба CEE 7/7 стандарт буюу E,F төрлийн сэрээ түүнчлэн C төрлийн сэрээ таарах боломжтой.
Төрөл L
Зөвхөн Итали болон Хойд Африкийн орнуудад ховор хэрэглэгддэг. Олон улсын тэмдэглэгээ нь CEI 2
3-16 / BII. Цахилгаан гүйдлийн дээд чадал нь 10А болон 16А. Бүх хэлбэрийн C төрлийн сэрээнүүд L залгуурт таардаг.
Төрөл M
Өмнөд Африк, Свазиленд, Лесото зэрэг орнуудад ашигладаг. М төрлийн D төрлийн залгууртай тун төстэй. М төрлийн ихэнх залгуур D төрлийн сэрээтэй зохицоно.
**Төрөл N **
N төрөл J төрөлтэй адилхан боловч дундах шонгийн байрлал өөр. Хоорондоо таарахгүй. Харин C төрлийн сэрээнүүд N төрлийн залгуурт таарна.